|
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ДАЛАЙ ЛАМ ТЭНЗИН ГЯЦОГИЙН ТОВЧ НАМТАР
14-р Далай лам Тэнзин Гяцо бол Төвдийн ард түмний оюун санааны удирдагч юм. Тэрбээр 1935 оны 7 сарын 6-ны өдөр, Төвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх багахан тосгонд тариачны гэрт мэндэлжээ. Түүнийг хоёр настайд нь Төвдийн уламжлал ёсоор 13-р Далай ламын хойт дүрээр тодруулсан бөгөөд Далай лам нь Энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешварагийн хувилсан дүр билээ.
Энэ явдлаас хойш түүний Лхам Дондов нэрийг сольж Тэнзин Гяцо болгосон байна. Далай лам хэмээх нь Монгол хэлний Далай гэсэн үгнээс гаралтай агаад анх Монголын Алтан хан 1578 онд Төвдийн Буддизмын гуравдахь тэргүүн Сонан Гяцод энэ алдрыг “Далай мэт өргөн оюун ухаан”-г бэлгэдэн хайрласан юм.
Далай лам Хятадууд Төвдийг эзэлсний дараа 1959 онд эх нутгаасаа дүрвэн гарчээ. Тэрбээр дэлхий дахинд оюун санааны их удирдагч, энх тайвны төлөө цуцашгүй тэмцэгчийн хувьд алдар нэртэй. Далай лам 1989 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн билээ. Тэрбээр Энэдхэгийн Дарамсала хотноо Төвдийн Дүрвэгчдийн Засгийн Газрыг байгуулсан бөгөөд өдгөө тэндээ аж төрдөг.
Дээрхийн гэгээнтэн үргэлж “Би жирийн нэг лам. Илүү, дутуу юу ч үгүй” хэмээн хэлдэг.
Дээрхийн гэгээнтэн Далай ламын тухай илүү мэдээлэл авахын хүсвэл www.dalailama.com хаягаар орж үзнэ үү.
|