|
Үндэслэгч
Норов гуай гэргий Кунянгийн хамт (1999)
Түвдэн Жигмэ Норов (Тагцэр Ренбүчи) 1922 онд Зүүн Төвдийн Амдо мужийн Тагцэр хэмээх уулын жижиг тосгонд мэндэлжээ. Түүнийг гурван настайд нь 13 дугаар Далай лам Тагцэр Ренбүчигийн хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа тэрбээр Төвдийн Буддизмын Шарын ёсыг (Гэлүгба) үндэслэгч Богд Зонховын төрсөн газар болох Амдогийн Гүмбум хийдэд очсон байна.
Гүмбум хийд нь түүхэндээ өмнөх Далай лам нар болон Банчин Богд нарын байнгын оршин суудаг газар нь байсаар ирсэн юм. Гүмбумд Ренбүчи лам болон шавилан суралцаж эхэлжээ. 27 насандаа Ренбүчи Гүмбум хийдийн хамба ламаар сонгогдсон байна. Тухайн үед Гүмбум нь Зүүн Төвдийн хамгийн том хийдүүдийн нэг байлаа.
Харамсалтай нь Гүмбум мөн БНХАУ-ын армид хамгийн анх эзлэгдсэн нутгийн нэг болсон юм. БНХАУ Ренбүчиг хийдэд нь гэрийн хорионд байлгаж, өрөөнд нь унтан, 24 цагийн турш харгалзах болов. Хятадын тал түүнийг Лхаст очиж, Төвдийн Засгийн Газрыг болон тухайн үед 15 настай байсан, төрсөн дүү нь болох Дээрхийн гэгээн Далай ламыг (Тэнзин Гяцо) дагаар оруул хэмээн шаардах болжээ. Тагцэр Ренбүчи үүнийг нь хүлээн авсан мэт дүр үзүүлэн Лхас хүрэх боломутой болсноор харин ч Далай ламд Хятадын зүгээс ирж буй эзэрхийлэл, аюул заналыг сэрэмжлүүлж чадсан байна.
Норов гуай 1950 онд Төвдийг орхин гарч, Төвдөд хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг болон БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагааг дэлхий нийтэд мэдүүлэхээр шийджээ. Тэрбээр Төвдийн дээд зиндааныхнаас хамгийн анх цөлөгдөгсдийн нэг төдийгүй АНУ-д ирж суурьшсан анхны Төвд хүмүүсийн нэг юм.
Төвдөөс гарснаасаа хойш Норов гуай Төвд болон Төвдөөс цөлөгдөгдөгсдийн талаар ажилласаар байв. Тэрбээр Дээрхийн гэгээнтэн Далай ламын болон Төвдийн Засгийн Газрын Япон, Хойт Америк дахь төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Тэрбээр мөн Индианагийн Их Сургуульд Төвд судлалын профессороор ажилласан билээ. Тагцэр Ренбүчи олон ном бичсэний дотор “Төвд миний эх орон: Хейнрих Харрерт ярьснаар” хэмээх намтар нь буй. Норов гуай олон жилийн турш Төвдийн байдлын тухай дэлхийн өнцөг булан бүрт лекц, семинар явуулж байлаа.
Ренбүчи 1979 онд Индиана мужийн Блүүмингтон хотноо Төвдийн соёл, шашныг хадгалах зорилгоор Төвдийн Соёлын Төвийг (ТСТ) үндэслэн байгуулсан юм. ТСТ-д Буддын сургаалийг үзүүлэх элсэн Мандала, Төвд тосон баримал зэрэг Төвдийн урлагийн бүтээл бүхий Соёлын Ордон буй. Соёлын Ордонд мөн Төвдийн сэдэвт
номын сан болон Төвдөөс дүрвэн гарсан хүмүүсийн хийсэн гар урлалын зүйлс бүхий бэлэг дурсгалын дэлгүүр ажилладаг.
Дээрхийн гэгээнтэн Жанчүб суваргыг шүншиглэж байгаа нь
Норов гуай Төвдийн хоёр суварга босгосон юм. 1987 онд Жанчүб Чортен Суваргыг Төвдийн дүрвэгсдэд зориулан барьсан бол 1999 онд Галаазаграагийн Суваргыг дэлхийн энх тайван, эв нэгдэлд зориулан босгожээ. 2002 онд Норов гуай Гүмбумын Жамцэ Лин сүмийг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд 2003 онд сүмийг барьж дуусан, тэр жилийнхээ 9 сард нь Дээрхийн гэгээнтэн аравнайлан нээсэн билээ.
1995 онд Ренбүчи Олон Улсын Төвдийн Эрх Чөлөөний Хөдөлгөөнийг (ОУТЭЧХ) үүсгэн байгуулалцсан юм. Ренбүчи Төвдийн Эрх Чөлөөний төлөө гурван явган аяллыг удирдан явуулж байв. 1995 онд Блүүмингтоноос Индианаполис хүртэл 80 бээр газрыг 7 хоногт туулан алхсан бол 1996 онд Вашингтон Ди Си дэх БНХАУ-ын Элчин Сайдын Яамнаас Нью-Йорк дахь НҮБ-ийн байр хүртэлх 300 бээр газраар 45 хоног алхсан билээ. 1997 онд Ренбүчи Торонтогоос Нью-Йорк хүртэл 600 бээр газар аялсан юм. Энэ аялал 3 сарын 10-нд Төвдийн Сэргэлтийн Өдөр эхлээд 6 сарын 14-нд Далбааны Өдөр өндөрлөсөн. ОУТЭЧХ 1998 онд Орегон мужийн Портланд хотоос Ванкувер хүртэлх явган аяллыг зохион байгуулжээ. 2000 онд ОУТЭЧХ-ний нэг салбар Сан-Франсискогоос, нөгөө салбар нь Сан-Диегогоос алхаж, Лос-Анжелес хотноо уулзсан бөгөөд тэнд Түвдэн Даржээ Лин хийднээ Дээрхийн гэгээнтэн номлол айлдаж бүхүйд оролцсон байна.
Дээрхийн гэгээн 14-р Далай лам Төвдийн Соёлын Төв дээр 4 удаа морилсон юм. 1987 онд Жанчүб Чортенийг нээж, 1996 онд Гүмбумын Жамцэ Лин хийдийн суурийн чулууг шүншиглэж байсан бол 1999 онд ТСТ дээр бүр 12 хоног саатаж, Даян Дэлхийн Энх Тайван, эв нэгдлийн төлөө Галаазаграа хурсан юм. 2003 онд Далай лам шашин хоорондын эв нэгдлийн төлөө Жамцэ Лин хийдийг аравнайлан нээсэн билээ.
Норов гуай болон Дээрхийн гэгээнтэн (1996)
Норов гуай Төвдийн Соёлын Төвдөө амьдарсаар байна. Харамсалтай нь, 2002 оны сүүлээр дараалсан цус харвалтад өртөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. 2005 онд Далай лам Гүмбум хийдийн бас нэгэн хамба лам байсан Ажаа Ренбүчид ТСТ-ийн удирдлагыг хүлээлгэн өгчээ. Норов багш ТСТ-ийг үндэслэгч, Төвдийн соёлыг дэлхий дахинд таниулах, хадгалах их үйл хэргийн хамгийн цуутай зүтгэлтний хувьд одоо ч Төвдийн Соёлын Төвийн өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг хэвээр байна.
|